Nandin

Эмээ бид 2ийн зун

13:49 , 2011-03-22 .. Бичигдсэн: Зөвлөгөө .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Эмээгээ би хөгшин ээж гэж дууддаг байлаа. Өвөөгөө ч бас хөгшин аав гэдэг байсан. Аав маань залуудаа өнчирсөн болохоор би аавынхаа аав, ээж 2ыг үзээгүй, төрөхдөө л ганц эмээ, ганц өвөөтэй байж тэднийхээ хайр энхрийлэлд өссөнийх таван ханат гэрээ үр ач нартаа ноолуулсан энэ 2 буурал сэтгэлд минь дэндүү тодхон үлдсэн юм. Тэр 2 маань "Гудмаар яваа танихгүй хөгшчүүлийг дууддаг шигээ битий эмээ, өвөө гэж хэлж бай гэдэг болохоор хөгшин аав, хөгшин ээж гэж дуудуулахдаа их л дуртай байдаг сан.

Хэдийгээр өвөө маань намайг ганц ч удаа зандарч үзээгүй ч би эмээдээ илүү амь, ээжээсээ ч илүү хайртай, цаанаасаа л амин холбоотой 2 байжээ. Найман хүүхэд төрүүлж, нэгийг нь алдаад долоог нь хүн болгосон эмээ маань, хорь гуч ач зээ, 2 зээнцэрээ үзсэн. Үзсэн ч гэж, ач зээ нараа бараг бүгдийг нь өөрийн гараар өсгөсөн ачтан. Ганц хүүхэд өсгөх гэж хүн яаж үйлээ үзэж, үгээ бардаг билээ. Гэтэл бараг жил дараалан төрсөн улаан нялзрай, орилж чарлаж, нус нулимстайгаа холилдсон улаан цурав юмнуудтай зууралда, бүлээрэхэд нь биедээ тэврэн халууныг нь авч, шөнөжин хөнжлөө тийрэхэд нь нойроо хугаслан хучиж, өвчин ээрэхэд нь гэртээ паалантай саванд төмөр тариур буцалган тарьж, болохгүй бол Гандангийн 2 давхар хүүхдийн эмнэлэгт сахиж хэвтэн нарийхан төмөр орны дэргэд сандал дээр суугаагаараа хонон, гүйлгэхэд баастай нь зууралдаж, ээдэм, тараг хийж улаан гараараа өсгөнө гэж төсөөлөшгүй хүнд хөдөлмөр, үр хүүхдээ гээд өөрийн биеэ умартсан монгол эхийн агуу уужим сэтгэл байж гэдгийг он жил улирах тусам ухааран бурхны оронд одсон буурал эмээгээ өрөвдөн элэг эгшдэг юм. Одоо ч би энэхэн дурсамжыг бичиж суухдаа барагтайд мэлтрээд байдаггүй харамч нулимсаа барьж дийлэхгүй, тариур буцалгадаг цагаан паалантай сав нь нүдэнд үзэгдэх шиг, пенницилиний үнэр үнэртэх шиг санагднам.

Би эмээгээ миний мэдэх л хамгийн хэрсүү, ухаалаг, хамгийн дэлгэр сайхан сэтгэлтэй эмэгтэй гэж боддог. Амьдарлын уртад би олон сайхан хүмүүстэй уулзан учирч сэтгэлийнхээ орон зайд залсаар байгаа ч эмээ шигээ гайхамшигт эмэгтэйг олж учраагүй л явна.

Сургуульд орохоосоо өмнө долоо хүрэлгүй уншиж сурсан минь эмээгийн л ач. Багадаа үлгэр жишээ гуравдугаар сургуульд дөнгөж гуравдугаар анги дүүргээд л амьдарлын эрхээр сургуулиа орхисон эмээ минь монгол, крилл бичигт гаргууд сайн," Гучин 2 модон хүний үлгэр", "Шидэт хүүр"," Цаасан шувуу" гээд хуучины зохиолуудыг цээжээр мэддэг, төрөлхийн ой ухаан төгөлдөр хүн байсан. Гэрээр дүүрэн хүүхэд нялхсыг асарч, гал түлж, боорцог хайрч, хоол хийж,цай чанаж, орсон гарсныг дайлан цайлж, гэрийн дуусдаггүй ажилд борив бохисхийлгүй зүтгэхийн завсар "Үнэн", "Хөдөлмөр", "Утга зохиол урлаг" сонин, "Цог" сэтгүүл уншиж, зурагтын мэдээ үжэу, радиогоор олон улсын мэдээ сонсож, дүгнэж цэгнэж амждаг байсныг нь би одоо ч гайхах юм. Эмээ минь хэлэмгий ч гэж жигтэйхэн хөгшин аавтай ам мурийх, хүүхдээ загнахдаа ч толгой холбон, зүйр цэцэн үгийг урсгаж өгдөг байжээ. Биднийг цай уугаад босохдоо аягаа хураахгүй яваад өгөхөд "Ууж идэхдээ уургийн морь шиг, урагш гишгэхдээ ургаа хад шиг", "Ангайж идэж, тонгойж баахаас өөрийг мэдэхгүй амьтад болохнуу", гэх буюу, үг сонсохгүй бол "Дүлийдээ найдаж унгараг", "Хойшоо хэлж боошоо малтлаа" гээд л загнадаг байсан нь мартагддаггүй

Үдэш хүн амьтан унтсан хойно харааны шилээ зүүгээд хоймрын шалны өр гэж нэрлэдэг намхан ширээндээ суугаад сонин уншиж гарна. Би хажууд нь суугаад сонины гарчигийн том том үсгүүдийг нэг нэгээр нь асууна. Ингэж ганц нэг үсэг тогтоосоор би эмээгийн уншдаг сонинд МАХ гэсэн үг маш олноороо байдгийг гарган уншиж өөртөө нэгэн нээлт хийчлээ. Тэгээд цааш нь лавшруулан уншиж ухаж ойлгох гэхээр МАХН-ы гээд нэг л ойлгомжгүй болоод явчихна. Эмээгээсээ асуулаа. Тэгтэл тэр нь монгол арлын хувьсгалт нам гэсэн дөрвөн үгийн товчлол байжил дээ. Одоо бодоход МАХН-Ы бага хурал, МАХН-Ы төв хороо гээд л "Үнэн" сонин дүүрэн Ху намын нэр байдаг байж. Ийнхүү бие даагаад уншиж сурсанд минь эмээ урамшин баярлаж, "Одоо миний хүү ном сайн унш. "Монте кристо гүн", "Хүрэн морь", "Гүнж" гээд сайхан сайхан зохиолууд зөндөө бий гэж билээ. Өдрийнх шиг хүн амьтан хөлхөлдөөд, хүүхэд шуугилдаад эмээ гал тойрон эргэлдээд байхгүй нам гүм энэ цаг бид 2ын хувьд үсэг үзэх, номын тухай, ерөөс элдвийг хүүрнэлдэн суух олдошгүй сайхан мөчүүд байсан.Сургуульд ороод би хотын төвд байх гэртээ суух болсон ч юм л бол “Толгойт”-ын ногоон автобусанд суугаад өвөөгийнх рүүгээ яваад өгнө. Тэднийд эмээгийнхээ гарын цайг ууж, зөвхөн эмээгийн л хийж чаддаг аманд үүрсэн тостой шаргал боорцог идэж, өөрт тохиолдсон явдлаа ярилцан сууж, шөнө нь эмээтэйгээ унтах гэж яарна.
Наян дөрвөн оны их үер болсны дараагийн зун санагддаг юм. Манайх Гоодойд зусланд гарч, нагац ах, эгч нар бүгд эзгүй, өвөө тэгэхэд тэнхлүүн байсан болохоор мужааны ажил хийхээр хөдөө яваад эмээ гэртээ ганцаар үлдсэн юм. Би эмээдээ хань болох шалтгаар уухайн тас тэднийх лүү гүйчихэв. Хүүхэд байх үед цаг агаар одоогийнхоос нэг л өөр, нар бороо хосолсон илүү сайхан зун болдог байсан санагддаг юм. Магадгүй би он цаг улирах тусам сэдэрдэг носталжи буюу дурсамжаар өвчилдөг болоод урьдны юм илүү сайхан санагддаг ч юмуу бүү мэд.
Наян таван оны долдугаар сар эмээ бид 2ын зун болж өнгөрсөн юм. Эмээгийн Булганд байдаг дүү нь миний үеийн охинтойгоо ирчихсэн байсан юм. Өглөө сэрэхэд сүүтэй цайны ааг гэр дүүрэн ханхалж эмээ надад шарвин хайрчихсан сууж байна. Би цйлчихаад тэднийхээс нилээн зайтай Толгойтын эцсийн буудалд байдаг дэлгүүр лүү сүү, талханд гүйнэ. Дараа нь хажуу гэрт байгаа эмээгийн дүү Лхасжав эгч, тэдний охин Цэнгэл 2той хамт дөрвүүлээ хотоор явахаар гарна. Тэр жил их л халуун зун байсан санагддаг юм. Эмээ минь нарны харшилтай болохоор өргөн хүрээтэй сийрсэн бүрх, нарны халхтай гарна. Бид 3 ихэвчлэн дэлгүүрээр явна даа. Эмээ тэгж явахдаа нөгөө олон ач нартаа оймс, трико, хүнтэй суусан охиддоо таарах хувцас хунар, бас баривч, даашинз хийх даавуу гээд л гагцхүү хүүхдүүддээ хэрэгтэй юм хайна. Байвал мөнгө хайрлахгүй авна. Харин өөртөө бараг юу ч авахгүй.
Бид 4 нэг өдөр их дэлгүүр орсон чинь даавууны тасагт бөөн оочир. Юу гарч байгааг нь сураглавал их гоё хээтэй эрээн даавуу гарч байлаа. Эмээ намайг цонхны тэнд сууж бай гээд өөрөө Лхасжав эгчтэй хамт оочирлож гарлаа. Тэгээд тэр халуунд хөлсөө урсгасан олон хүнтэй түлхэлдэн байж 2 цаг гаруй оочирлосны хүчинд 3н янзын эрээн даавуу аваад бөөн баяр харьцгаалаа.Тэр үед эрээн даавуу элбэг байсан ч гоё хээтэй, чамин хувцас хийчмээр эд нүдний гэм байсан юм. Эмээ минь торго баясгасан уран гартан байсан. Дээлний энгэр захны наалтыг маш цэвэрхэн хийнэ. Чамин ганган хувцас хунар олдодгүй, их дэлгүүрт танил худалдагчгүй, эсвэл гадаад явдаггүй хүн аятайхан хувцаслах аргагүй байсан тэр үед эмээ моодны хувцасыг ганц хараад л эсгүүрийг нь бодож бйагаад яг адилхан оёж биднийг бас, нагац эгч нарыг гоёдог байсан юм. Тэр өдөр эмээ 3н янзын гоё даавуу авснаасаа “Миний охин алинаар нь палааж хийлгэхэв” гэж асуулаа. Надад эрвээхэй, өнгийн цэцэг,навч, өвс ногооны зургаар хөвөөлсөн цасан цагаан даавуу их таалагдав. Ердөө тэр цэцэг ногоо нь жинхэнэ юм шиг харагдаад байсан тэр. Тэр орой нар толгойсноос хойш эмээ хуушуур хийж би гэж хачин аз жаргалтай амьтан байж билээ. Маргааш өглөө нь намайг сэрэхэд эмээ цайгаа чанаж тавьчихаад миний палаажыг эсгэж байлаа. Ер нь эмээ дэндүү эртэч, би л лав хэзээ ч түүнээс түрүүлэн сэрж үзээгүй юм. Би ч шинэ хувцастай болох гэж байгаа хүн хөл хөнгөн ч гэж жигтэйхэн өчигдрийн хуушуурнаас цайнд халааж идчихээд сүүндээ үсрэн гарлаа. Тэр үед нарийхан мөртэй, цээжээрээ хуниастай зуны даашинз их моод болж, охид,хүүхнүүд зуны сарафанчик гэж нэрлэдэг байсан юм. Тэр өдөр өчигдрийнхөөсөө ч халуун ёстой л нохой гаслам байсан болохоор бид гадуур гарсангүй. Би хярам залгилан Майн Ридийн “Оцела баатар” гээд шинэ ном эмээгээр авахуулснаа уншин гэрийн зүүн талд байдаг өөрийнх нь орон дээр хэвтэж, эмээ миний палаажийг оёж өнжив. Маргааш нь ашгүй арай сэрүүхэн өдөр болж би зүүнээс дөнгөж гарсан хормойгоороо өтгөн ногоон ширэг, өнгийн цэцэгс, эрвээхэй алагласан, цээжээрээ цагаан дэгжин даашинзаар гоён эмээтэйгээ хамт хотоор явлаа. Тэр өдөр эмээ ХИД-1-ийн тэнд зогсдог асан “бохь” Пунсалаас 5 төгрөгийн шоколад, оросын хатуу бохь авч өгөн эрхлүүлж, би шинэ палаажтай гудамжаар алхаад л баймаар хөгжүүн явж билээ. Хорвоогийн эрээн бараан амьдарлыг чимэглэх гэсэн мэт иймэрхүү санаанаас гарамгүй сайхан, аз жаргал дүүрэн цөөхөн тохиож, хүн хожмын амьдралдаа тэр л гэрэлт өдрүүдээр сэтгэлээ тэжээж явдаг байх. Эмээ бид 2ын хамтдаа үдсэн дэндүү сайхан тэр хэдхэн хоног, наян таван оны долдугаар сарын тэр халуун мөртөө гэрэл гэгээтэй өдрүүд миний багын дурсамжуудаас хамгийн сэтгэлд хоногшин үлдсэн тов тодхон зураг болон үлдсэн юм. Бид 2 хориод хоног л тэгэж аминчлан жаргасан. Тэгээд л бага нагац эгч, үеэл дүү нар маань ирж, би Гоодойн зуслан руугаа харьсан юм. Биднийг тэгж эрхлүүлж, тэр олон ач зээгээ тийм сайхан хооллож ундлахдаа тэтгэврийн хэдхэн төгрөгөө яаж хүргээд байдаг байсан юм бол гэж би одоо хүртэл гайхширдаг. Өвөө тэгээд л дандаа байгууллагын зуслан, хашаа барих ажилд явдаг байсан байх. Зуны халуунд сэрүүхэн болоод уужимхан, өвлийн хүйтэнд бол халуу дүүгэн, дандаа сайхан цай, амттай хоолтой байдаг асан өвөөгийн минь тэр л халуун гал голомт сэтгэлд дэндүү дотнохон.



Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 9 -р хуудас Нийт хуудасны тоо: 18 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

nom unshie
emegteichuud

Ангилалууд

Зөвлөгөө
сургалт
инээмээр байна уу
даалгавар
ь-и болох болохгүй
цахим тест

Сүүлийн бичлэгүүд

tsahim hicheel
(гарчиггүй)
Test
Слайдын өнгийг өөрчлөх
Vзvvлэнд слайд нэмэх, Vзvvлэнг хадгалах
Vзvvлэнгийн төрөл, дизайныг тодорхойлох
2 nastai
4 nastai huu gaihmaar
Эмээ бид 2ийн зун
hugjilduh uu
ene ih dajgui sanagdaad oruulchlaa
aporizm
aporizm
aporizm
surgamjit uguulleg-ehiin setgel

Найзууд

Lierkang
B_NBA



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax